СУМЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол улсын Засгийн газраас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөн хошуудыг татан буулгаж сумдыг байгуулах талаар авсан арга хэмжээний дагуу 1931 онд Чандмань уулын аймгийг Ховд, Дөрвөд хоёр аймаг болгож Мянгадын Чандмань, Дэлгэрхаан хоёр сумыг нэгтгэж Мянгад сум гэж нэрлэжээ.

Тус сум нь МАА-н Чацаргант, Цагаанбулан, Гахайт, Баянбулаг баг, сумын төвийн Баянхошуу гэсэн нэг багт Мянгад ястнууд суурьшин хүн амын 70 гаруй хувийг эзэлдэг ба Цагаанбулан багт цөөн тооны Дөрвөд ястан сумын төвийн Баянхошуу багт газар тариалан эрхэлдэг казак болон бусад ястнууд амьдардаг.

Мянгад сум 2012 оны жилийн эцсийн байдлаар 856 өрх, 3415 хүн ам, 148284 толгой мал тоолуулсан байна. Үүнд Тэмээ 901, Адуу 5948, Үхэр 8246, Ямаа 81861, Хонь 51328 тоологдсон ба суманд 595 малчин өрх мал аж ахуй эрхлэн амьдарч байна.

Тус сум нь Ховд аймгийн нутгийн хойд захад өмнө, баруун өмнө талаараа Буянт, Ховд, Эрдэнэбүрэн сумтай, хойт талаараа Увс аймгийн Өмнөговь сумтай, зүүн талаараа Дөргөн сумтай тус тус хиллэн аймгийн төвөөс 45 км, Улаанбаатар хотоос 1470 км, Увс аймгаас 210км, Баянөлгий аймгаас 35О километрт Монгол Алтайн уулархаг мужийн салбар далайн түвшинээс 3360метр өндөрт өргөгдсөн үзэсгэлэнт Алтан Хөхий уулын өвөрт, Халзан бүрэгтэй, Улаан,Цагаан үнээт, Чаргат, Сундуйлын уулс түүний салбар аараг толгод, тал хөндий болон Ховд голын сав дагуух нутаг нугын үржил шимт хөрс бүхий шил, говь, гол хосолсон 325.5 мянган га нутагтайгаас ХАА-н эдэлбэр газар 321.0 мянга, үүнээс малын бэлчээр 312.6 мянган га, усны сан бүхий газар 664 га, улсын тусгай хамгаалалттай газар 5412 га нутагтайн дээр цэнгэг уст Ховд гол, Могойн ба Цагаан бургасны гол, Хар-Ус нуур, Зээрэн, Хаг, Бүрд, Ногоон нуур зэрэг нууруудаас гадна 30 гаруй булаг, шанд цөөрөмтэй учир сумын нутаг, бэлчээрийн ихэнх нь байгалийн задгай усаар хангагддаг юм.

Одоо тус суманд ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, Холбоо, Ус цаг уурын алба, Шатахуун түгээх станц, ХААН болон Хадгаламж банкны салбарууд, Тоосгоны 4 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж аймгийг тоосгоор бүрэн хангаж тоосгоны үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлж байна.

Тус сум нь 1994 онд аймгийн төвтэй хатуу хучилттай аспальтан замаар, 1997 онд баруун бүсийн эрчим хүчинд холбогдож байнгын эрчим хүчээр хангагддаг, дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн.