Цагаанбулан баг


ЦАГААНБУЛАН БАГ

Тус сумын Цагаанбулан баг нь мянгад сумын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд 1940 он хүртэл тус багийн нутаг Лайжинд төвлөрөн зарим үед Цагаанбулан, Дэлгэрхангай нэрээр байж байгаад 1960 он хүртэл 1,2,3 дугаар багуудад харьяалагдаж байжээ.

1959 онд орон даяар нэгдэлжих хөдөлгөөн ялсны дараа ”Давшилт” нэгдэлд хамрагдаж байгаад шинэ зохион байгуулалтаар МАА-н 4-р бригад болж 1992 онд “Чандмань” компани бүхий Цагаанбулан баг шинээр байгуулагджээ.

Тус баг сумын төвөөс доош 9 км газарт Лайжинд шинээр багийн төв баригдаж 300 өрхийн 1350 хүн амтай, 61429 толгой малтай МАА-н баг юм. Тус баг нь Алтайн нурууны зүүн хэсэгт, их нууруудын Хотгор Хар ус нуурын баруун хойд хэсэгт Ховд голын цутгалын дагуу, Далайн түвшингээс дээш 1760 метрт хойд талаараа Увс аймгийн Өлгий сум, зүүн талаараа Ховд аймгийн Дөргөн сумын Сээр, Агваш багуудтай, баруун талаараа Буянт сумын Нарийн гол багтай хиллэдэг.

Багийн нутаг дэвсгэрийн 30 хувь нь ХУНТХГ-т хамрагддаг учир ховор, нэн ховор ургамал ихтэй. Улаан номонд орсон хулсны гахай, олон зүйлийн шувуу, бадамлянхуа цэцэг, хулс, зэгс зэрэг ургамал ургадаг.

Тус багаас Мянгадын дайчин гүний хошуу болон Чандмань уулын аймгийн дарга асан Д.Санжжав гүн, АХ-ын партизан Б.Аюушжав, тус сумын анхны дарга, Мянгад хошууны дарга асан Д.Лхамжав мээрин, АИХ-ын дарга Ж.Уртнасан, БНМАУ-ын хоёр удаагын Депутат улсын аварга малчин Б.Бямбажав, УИХ-ын гишүүн асан Ховд аймгийн Засаг дарга асан Г.Нямдаваа, Ховд аймгийн ХДТ-ын захиргааны орлогч дарга Санжжав гүний Жамсранжав, орон нутаг судлаач, эдийн засагч С.Даш, МЗЭ-ын шагналт зохиолч Н.Сүхдорж, Ц.Жарантай, МУ-ын зөвлөх инженер С.Батдэлгэр, УБ хот дахь Цагаанбулан багийн нутгийн зөвлөлийн дарга Б.Лхагвацэрэн, МХЗЭ-ын “Тэргүүний малчин залуу” алтан медальт Л.Төртогтох, Ж.Даваажав, Алтан төлийн эзэн Ч.Гансүх, Аймгийн аварга малчин Б.Хаш-эрдэнэ, С.Хүрэлчулуун, эмнэг сургалтын спортын мастер Н.Лхамжав, Б.Соёл-эрдэнэ, Сумын аварга малчин Т.Мөнхзул, аварга адуучин Д.Гомбо, Аймаг, сумын алдарт уяач, “Онц тээвэрчин” жолооч С.Баттулга зэрэг алдар гавьяатнууд төрөн гарсан билээ.

Тус баг нь дэд бүтцэд ойрхон байгаль цаг уурын хувьд нэн таатай бүсэд оршдог мал аж ахуйн томоохон баг бөгөөд аймгийн өвсний нөөцийн багагүй хувийг хангадаг юм. Цаашид аймгийн жишиг баг болохоор зорилт тавин ажиллаж байна.