Баянбулаг баг


БАЯНБУЛАГ БАГ

Тус баг нь сумын төвөөс 68 км Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутагтай хиллэдэг. Алтайн нурууны салбар уулс болох Хархираа түргэний өвөр бэл Төрийн Тахилгат Алтан Хөхий уулын өвөр энгэрт нутаглан оршино.

Алтан Хөхий уулыг тус багийн иргэд 1761 оноос өнөөг хүртэл тахин шүтэж ирснийг УИХ-ын гишүүн асан Доктор, профессор аймгийн Засаг дарга асан Гэндэнжавын Нямдаваа өргөн барьснаар 2005 оны 03 дугаар сарын 30-ны Монгол Улсын Ерөнхийлөгчийн 44-р зарлиг гарч 2005 оноос хойш тахин шүтэж ирсэн.

Тус баг нь 183 өрхийн 772 хүн ам, 38571 толгой малтай. Баянбулаг баг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий нутаг бөгөөд Цагаан бургас, Сундуйл зэрэг гол, Зээрэн, Бүрд, Хаг, Таван худаг, Рашаант, Ёл зэрэг рашаан, булан, шанд бүхий нутаг юм.

Алтан Хөхий уулын өвөр бэлэээр нэн ховор, ховордсон Алтайн аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс зэрэг амьтад, Хойлог, Ахуун, Ёл, Тас, Шонхор зэрэг жигүүртэн, Алтайн сонгоно, Мэхээр, Алтангагнуур, Вансэмбэрүү, Эрээн гомбо, Бамбаан заваа, Таван салаа зэрэг эмийн ургамал, Алт, Мөнгө, Зэс,Оюу зэрэг ховор элементээр баялаг нутаг билээ.

Тус багаас МУ-ын гавьяат малчин Т.Чулуунбаатар, Нэгдлийн тэргүүний ажилтан Г.Чойвсон, АЗ-ын эмийн санч Ц.Лхамсүрэн, МЭ-ын 5-р их хурлын төлөөлөгч саальчин Т.Сайнхүү, МХЗЭ-ын 18-р их хурлын төлөөлөгч тэргүүнтий залуу Алтан медальт Б.Уртнасан, Нэгдлийн тэргүүний ажилтан бригад болон багийн дарга Н.Наваан, П.Гонгоржав, Н.Шагдарсүрэн, МЭ-ын 8-р их хурдын төлөөлөгч малчин И. Цэдэнхүү, Улсын сайн анчин ахмад малчин Б.Доржсүрэн, Аймгийн хоршоо аварга малчин Ч.Төмөрбаатар, Аймгийн алдарт уяач алдарт уяач спортын мастер Т.Баатар зэрэг Улс, аймаг, сум даяараа алдаршсан олон алдартан төрөн гарчээ.