ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖЛЫН АЛБА:

Ерөнхий боловсролын сургууль: Мянгад сумын 12 жилийн сургууль нь анх Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошууны Дэлгэрхаан сумын бага сургууль нэртэйгээр 1930 оны 10 дугаар сарын 25-нд Лайжин гэдэг газар 25 сурагч, 1 багш, 2 ажилчинтайгаар байгуулагдан захирал багшаар Н.Цагаанхишиг ажиллаж байжээ. 1965-1966 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль 1987-1988 оны хичээлийн жилд 10 жилийн сургууль, 2007-2008 оны хичээлийн жилээс 12 жилийн сургууль болж 423 сурагч 28 багш 29 ажилчинтайгаар Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай хуулийн хүрээнд сумын хэмжээнд сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус сургууль нь 1996 онд Монголын төр нийгмийн зүтгэлтэн Б.Баасанжавын нэрэмжит сургууль болсон.2006-2007 оны хичээлийн жилд Ховд аймгийн хэмжээнд шилдэг үнэлгээтэй сургууль, 2011-2012 оны хичээлийн жилд мөн шилдэг үнэлгээтэй сургууль, 2008-2009 оны хичээлийн жилээс “ ЭКО СУРГУУЛЬ” төсөл хэрэгжүүлж Ховд аймгийн хэмжээнд шилдэг эко сургууль болсон.

Эрүүл мэндийн төв: Тус эрүүл мэндийн төв нь их эмч-1, эх баригч-1, НЭМ-н ажилтан-1, Дүн бүртгэгч-1, багийн эмч -5, сувилагч -5, асрагч -4, нягтлан бодогч -1, туслах ажилтан -5, нийт 25 ажилтан албан хаагчтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй чанартай хүргэхээр үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллага нь сумын нийт 3415 хүн амд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт сурталчилгаа, эмчлэн эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлж, 0-2 насны хүүхдэд товлолын дагуу дархлаажуулалтыг хийж эмнэлгийн тусламжийг чанартай жигд хүртээмжтэй хүргэн үйлчилж байна.

Цэцэрлэг: Сумын цэцэрлэг нь 1966 онд нэгдлийн харьяанд байгуулагдан 25 хүүхэд 3 ажилчин 3 гэртэйгээр ажиллаж анхны эрхлэгчээр нь Лхагваа гэдэг хүн ажиллаж байгаад 1972 оноос улсын төсөвт цэцэрлэг болж 1972 онд хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсан ясли, цэцэрлэгийн барилгыг улсаас хүлээлгэн өгч цэцэрлэгийн 1, Яслийн 1 бүлэг, 8 орон тоотойгоор ажиллаж байгаад 1989 оноос цэцэрлэгийн 1 бүлэг нэмж одоогоор нийт 158 хүүхэд 16 ажилчинтайгаар ажиллаж байна. Хүүхдийн цэцэрлэг нь эрхлэгч 1, багш 4, туслах багш 4, тогооч 2, нягтлан 1, нярав 1, галч 2 гэсэн орон тоотойгоор сургуулийн өмнөх боловсролыг сумын төвийн болон хөдөөгийн багуудад үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн ая тухтай байдлыг хангахын тулд НҮБ-ын хүүхдийн сангаас 2050.0 мянган төгрөгийн өртөг бүхий уянгын цоохор гэр 1 ширхэгийг, 435.0 мянган төгрөгийн өртөг бүхий хүүхдийн тоглоом наадгай, 8993.2 мянган төгрөгийн ширээ сандал, тавилга тоног хэрэгсэл, Щвейцарын хөгжлийн агентлаг “Цөлжилт сааруулах” төслийн хүрээнд 4662,0 мянган төгрөгийн өртөг бүхий 1, 2 дугаар хоолны цахилгаан тогоо зэрэг хэвийн үйл ажиллагаа буюу сургуулийн өмнөх боловсролыг олгоход шаардагдах материаллаг баазаар хангагдаад байна.

Соёлын төв: Соёлын төв анх Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж 1940 онд Зараагийн адгаас Баянхошуунд ирж төвлөрхөд сургуулийн өмнө захиргааны хуучин конторын дэргэд Улаанбулан нэртэйгээр эрхлэгч, шүүдэр шийний механикчийн орон тоотойгоор ажиллаж сумынхаа хөдөөгийн багуудад хуваарийн дагуу хүрч үйлчилдэг байжээ. Тус сумын клубыг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шийдвэрийн дагуу 2005 оноос эхлэн Соёлын төв болгон шинэ зохион байгуулалтанд оруулж эрхлэгч, хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, үйлчлэгч, гэсэн нийт 5 орон тоотой болж үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь 2005 онд Улаанбаатар хотод тайлан тоглолт хийж Мянгад түмний урлаг соёлын өвийг нийслэлчүүдэд танилцуулсаны дээр Мянгад ардын уртын дууны наадмыг 2 жилд нэг удаа зохион байгуулж мөн аймгийн шилдэг морин хуурчдын тэмцээнд удаа дараа шагналт байранд орж тэргүүлсэн юм. Тус Соёлын төвийн хамт олон язгуур урлагийн бүтээлүүдээр урын сангаа баяжуулахын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээг тогтмолжуулан ажиллаж байна.